Манай улсад хортой болон хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг улсын хэмжээний ганц эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төв. Тус эмнэлэг нь нийт хүн амын тал хувьд нь л хүрч үйлчлэх хүчин чадалтай учраас хавдар судлалын эмнэлгээр иргэд үйлчлүүлэхэд ачаалал их. Энэхүү ачааллыг хөнгөвчлөх япон стандартын дагуу баригдсан, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий бүрэн автомажсан хавдрын шинэ эмнэлэг энэ сард ашиглалтад орох юм байна. Тиймээс iToim агентлаг “Миний Улаанбаатар” бүтээн байгуулалтын буландаа Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) хажууд баригдаж буй хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтыг онцлохоор Баянзүрх дүүргийн 14-р хороог зорьсон юм.
Шинээр баригдаж буй хавдрын эмнэлэг нь нийтдээ 300 ортой хоёр барилгаас бүтэх бөгөөд энэ сард 120 ортой эхний барилга эмнэлэг нь ашиглалтад орно. Харин 180 ортой эмнэлгийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ашиглалтад орох 120 ортой хавдрын эмнэлгийн бүх систем нь ухаалаг программчлалтай. Тухайлбал, агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем зэрэг нь нэгдсэн удирдлагын төвд хянана. Ингэснээр өрөө болон ор болгоны дээр тавьсан агааржуулалтын систем нь орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон үед агаарын солилцоо явуулж, халсан үед хөргөж, хөрсөн нөхцөлд халаах горимд шилжих юм байна. Мөн агааржуулалтын систем нь гадна агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүх тул өвлийн улиралд утаатай холбоотой асуудал үүсэхгүй. Үүнээс гадна улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг хавдрын шинэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хийн шугамыг холбожээ. Хийн шугам нэмэгдэх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин сайн бүрддэг юм байна.
Манай сурвалжлах баг ХСҮТ-ийн хүлээн авах хэсгийн баруун урд талд байрлах 120 ортой хавдрын шинэ эмнэлгийн хойд хаалганы хэсэгт ирлээ. Эмнэлгийн барилгыг гаднаас нь харахад баригдаад дуусчээ. Барилга руу ойртох тусам гагнуурын чимээ сонсогдож, шилэн фасадны цаанаас ажилчид шатаар дээш, доош юм зөөж харагдав.