Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Хуралдаанаар дараах шийдвэрүүд гарчээ.
-Омикрон хувилбар дэлхийн 135 улсад тархаж, нас баралт 104 хүрсэн тул Ерөнхий сайд УОК, ЭМЯ-д үүрэг өгчээ. Нэгд, гадаадаас ирж буй иргэдийн халдварын тандалт, судалгааг эрчижүүлэх. Вакцины III тунд хамрагдаад гурван сар болсон иргэдийг IV тунгийн хамралтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах. Гуравт, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний баг болох онцгой, эрүүл мэндийн албан хаагчдыг IV тунд хамруулах гэсэн чиглэлүүдийг өгчээ.
-Халдварын тархалтын дөрвөн түвшин буюу Улаан, Улбар шар, Шар, Ногоон түвшинд мөрдөгдөх журмыг шинэчиллээ.
-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. Энэ тогтоол батлагдсанаар дагуул хотод 150 мянган иргэн, 50 орчим өрх шилжин суурьших аж. Мөн агаарын бохирдол 10 орчим хувиар, автозамын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж тооцоолжээ. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа үндсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан ба ЗТХ-ийн сайд Л.Халтар ахлах юм байна.
-Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайд өөрийн ажлын албаны дэргэд шилжүүлжээ. Тус төв өмнө нь И-монголиа академид харьяалагдаж байсан юм.
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжсэн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.