Зочин | 6 мин уншина

Б.Гүнбилэг: Ерөнхий сайд нам бол төр гэж ойлгоод байна

Б.Гүнбилэг: Ерөнхий сайд нам бол төр гэж ойлгоод байна
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 14
УИХ-ын даргын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгээс УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хуульд хэрхэн тусгасан талаар ярилцлаа. 
-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцсэн бол өчигдөр бүлгээр хэлэлцсэн. Хуульд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Юун түрүүнд УИХ-ын даргын зөвлөхийн хувьд биш, хуульчийн хувьд өгч байгаа ярилцлага гэдгийг дурдая. Тэгэхгүй бол институт хоорондын зөрчил болгож харагдуулах гээд байдаг юм байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж заасан. Харин УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйл дээр нэгд, УИХ-ын дарга нас барсан, хоёрт, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан, гуравт, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, дөрөвт, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээж авсан, тавд, гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Эдгээр таван зүйлийн хоёр, гуравдугаар заалтаар чөлөөлөх, дөрөв, тавдугаар заалтаар огцруулах тухай тогтоол гарна. Гэтэл УИХ-ын даргыг огцруулахаар МАН-ын дарга асуудал оруулж байгаа асуудал нь хуульд заасан үндэслэлүүдийн алинд нь ч байхгүй. Зүгээр л УИХ-ын даргын үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн улс төрийн шийдвэрээр явж байна. Төрийн дээр нам гарсан гэдгийн тод жишээ энэ. Нам бол төр гэж ойлгоод байна. Нам төрийн бодлогод оролцдог ч, тэр намын гишүүн УИХ-ын дарга болсны дараа эрх зүйн өөр статустай болчихож байгаа юм. Намын гишүүнчлэлээс нь чөлөөлнө ч гэдэг юм уу тухайн намын дүрмээрээ арга хэмжээ авах бол нам шийдэх ёстой. Харин УИХ-ыг тараана, даргыг нь огцруулна гэж намын дарга ярьж яавч болохгүй. Энэ нь Үндсэн хуульт ёсонд халдаж байгаа, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл.  
-Намын дарга нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг намынхаа Удирдах зөвлөлд оруулахаасаа өмнө Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой байсан гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулийн Цэцэд ч хандаж болно, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, тогтоож болно. Энэ нь батлагдаагүй тохиолдолд ардчилсан ёс, Үндсэн хуульт ёстой оронд нам төрийн дээр гарч болохгүй. Судлаачийнхаа хувьд цаашдаа Үндсэн хуульд УИХ-ын даргыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлдэг байх ёстой гэж үзэж байгаа. Өмнөх парламентын дарга намын дарга байсан, одоогийн дарга ч намын дарга байсан. Намын дарга УИХ-ын даргаар ажиллахаар намынхаа эрх ашгийн үүднээс УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд субъектив байдлаар хандах нөхцөл бүрдэнэ. Нөгөө намынхаа гишүүнийг яриулахгүй микрофоныг хаагаад, “азаргалаад” байдаг УИХ-ын даргатай байсныг санаж байгаа байх. Нөгөө талаас улс төрийн ашиг сонирхлоор төрийн эрх барих дээд байгууллага руу халдаж, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөлүүд бүрдэж байна. Үүссэн нөхцөл байдал бол ЖДҮХС болон бусад сангуудаас улстөрчид эрх мэдлээ ашиглан зээл авсан гэсэн мэдээллийг олон нийт авсан. Тиймээс энэ зээлийг авсан ёс зүйн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр бүх нийтээрээ хөдлөх ёстой. Ерөнхий прокурор, Цэц, УИХ дахь Ёс зүйн дэд хороо идэвхтэй ажиллах ёстой. Энэ булхайг илрүүлээд явахаар цаашаа олон зүйлд эерэгээр нөлөөлнө.
-Бүлгийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх үү?
-Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах шийдвэр гаргавал энэ нам, намын бүлэг улс төрийн хүчний хувьд Үндсэн хуульд халдсан үйлдэл болно. МАН-ын даргыг хуулиа уншиж бай гэж хэлмээр байна. Пи-ар сайн хийж болно, гэхдээ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Нийгмийг бухимдуулсан пи-ар хийж, иргэдийг турхирах нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Тэр дундаа Ерөнхий сайд хэлэх үгээ бодолцох ёстой.
-Парламентын тогтолцооны 30-аад жилийн түүхэнд УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж байсан тохиолдол бий юү?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байхад Үндсэн хуулийн Цэц огцруулах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тэгээд Ц.Нямдорж гуай өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан байдаг.
-ЖДҮ-д холбогдсон гишүүдийг цаашид яах ёстой вэ?
-Одоо прокурор улам идэвхтэй баймаар байна. Зарим гишүүд тайлбар өгөхдөө оролцоод, зээлийг нь зохицуулж өгсөн гэдгээ мэдэгдэж, уучлал гуйсан байна. Хэргээ хүлээсэн гэсэн үг. Энэ тохиолдолд яагаад бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх ёстой гэж. Одоо нийгмийн бухимдлыг хуулийн байгууллагууд ажлаа хийж, тайлах ёстой. Хуулиар зохицуулсан зүйлийг УИХ-ын гишүүд ч өөрсдөө хий сенсаацлахгүй дор бүрнээ хариуцлагаа хүлээгээд явах нь зөв. Нийгэм түүнийг л хүсч байна.
-Хуулийн байгууллага заримд нь үйлчлээд байна гэсэн хардлага нийгэмд хүчтэй байна. Тухайлбал, 60 тэрбумын асуудлыг шийдэхгүй байна л гээд байгаа.
-Хуулийн байгууллагын нэр хүндийг улстөрчид маш их унагаж байна. Тухайлбал, анхан шатны шүүх 50 мянга, давах 100 мянга, дээд шүүх 200 мянган доллар авч шийддэг гээд нэг гишүүн ярих жишээтэй. Ямар нэг тодорхой нэргүй явчихаж байгаа юм. Гэтэл цаана нь шударга олон шүүгчдийг авилгачин болгоод харагдуулчихаж байгаа юм. Хэн нэг нь тийм юм бол нотлох баримттай гарга гээд Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоод нийгэмд мэдэгдэл хийхгүй байна. Хийсэн ч хүрэхгүй байна. Миний хувьд энэ УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаад жил арай болоогүй байна. Өмнө нь би өөр хоёр УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байснаа хэлье. Энэ удаагийн УИХ-ын зарим гишүүд хуулийн байгууллагууд руу арай хэтэрхий, эрээ цээргүй дайрч байгааг иргэд анзаарч байгаа байх. Нотлох баримтгүй ингэж ярих нь Үндсэн хуульт ёсонд халдаж байгаа хэрэг гэдгийг хатуу хэлье. Үндсэн хуульт ёс бол хамгийн түрүүнд хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл дээр тогтдог юм. 60 тэрбумын тухайд энэ УИХ-ын даргаас миний хувьд маш сайн асуусан. Миний ойлгосноор 2016 оны сонгуулийн өмнө ийм бичлэг гаргаж ирээд хэдэн төгрөг авах гэж шантаажилж үзээд, шантаажинд нь ороогүй л өдий болтол энэ сэдвээр “нүдүүлээд” яваа юм байна лээ. Муугаар бодоод хардаж үзэж болно. Угаасаа хуулийн байгууллага мөрдөн шалгахдаа төсөөлөл хийж байж, нотлох гэж ажилладаг. Ийм төлөвлөгөө хэрэгжүүлсэн гээд хардахад, логикоор бодоход төр бариагүй байхдаа энэ сэдвээр олон нийтэд балбуулаад эхэлчихсэн ямар ч тэнэг нам, хууль хяналтын байгууллагын хяналтанд орчихоод нийслэл дээр ажлын байр зараад сууна гэж байхгүй. Тэгэхээр хуулийн байгууллага шалгаад, шалгаад юм гарахгүй байх нь аргагүй. Ер нь бол ийм төлөвлөгөө гаргаж өгч, судалгаа хийж танилцуулж байсан бол хамгийн муухай. Жаран тэрбум гэдэг нь яагаад иргэдийн бухимдлыг төрүүлээд байна вэ? гэвэл сонгуульд ялсан нам төрийн албаар тоглодогт бүх учир байгаа юм. Нийгэм дургүйцэхээс яах вэ дээ. АН, МАН ч адилхан хий ярьдаг, хуулиа хэрэгжүүлдэггүй “годил” болчихоод байгааг бид бүгдээрээ харж байгаа. Тийм учраас л хуульчдын дахин дахин яриад байгаа зүйл бол Захиргааны ерөнхий хуульд заасан хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан албан тушаалтнаар тухайн хүний цалинг төлүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүл гээд байгаа юм. Эндээс олон тэрбум төгрөг төсөвт орно, энэ хуулийг хэрэгжүүлж чадвал төрийн албыг намууд тогтворгүй болгодог байдал арилна. Прокурор ч гэсэн төрийн нэрийн өмнөөс иргэний нэхэмжлэл гаргадаг ажлаа  улам сайн хиймээр байна. Тухайлбал, улсын мөнгийг үр ашиггүй зараад шороо овоолчихсон бол түүнийг хэрэгжүүлж, санаачилсан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөлгүй бол иргэний журмаар нэхэх хуулийн боломж нээлттэй байгаа.
-Та Төмөр замын 280 сая ам.долларыг хэлээд байна уу. Ерөнхийлөгчөөс нэх гэж үү?
-Би дахиад хэлье. Энэ ярилцлагыг би хувь хуульчийнхаа хувьд өгч байгаа юм шүү. Миний хашиж байгаа алба энэ тэр огт хамаагүй. Зөвхөн төмөр зам гэлтгүй, олон хэрэгжээгүй, баахан мөнгө зарсан төслүүд байгаа, аль ч нам нь ялгаагүй. Тэдгээрийг иргэний нэхэмжлэл гаргаж, энэ олон тэрбумтануудаас улсын мөнгийг нэхэмжлэх хэрэгтэй. Эрүүгийн хэрэг биш юм бол иргэний журмаар төрийн нэрийн өмнөөс нэх. Өнгөрсөн хавар холбогдох байгууллагууд руу нь албан журмаар бичиг явуулж, мэдээлэл авсан. Тоймтой хэрэгжихгүй байна. Одоо энэ улсыг улстөрчид аврахгүй, хуульчид аварна. Хэн хэний дэмээр томилолт авч хуулийн байгууллагын дарга болсон нь огт хамаагүй, хуулийн байгууллагын дарга нар одоо нэг сайн хөдлөх цаг нь болсон. Сэтгэлийн хөөрлөөр эмх замбараагүй байдалд уриалах бол гарц биш.  Хуульд бүх зүйлийг тодорхой заачихсан байгаа. Цэцэд хуульчид хандсан байна, маш зөв. ЖДҮ бол дөнгөж эхлэл нь байх ёстой. Иргэд энэ анхаарлаа алдаж болохгүй.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн