Дэлхийн монгол | 9 мин уншина

ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: “Фэйсбүүк”-ийн инженер О.Өлзийбаяр

ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: “Фэйсбүүк”-ийн инженер О.Өлзийбаяр
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 20

ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цувралынхаа энэ удаагийн зочноор "Фэйсбүүк" компанид инженерээр ажилладаг  Отгонбаатарын Өлзийбаярыг урьж оролцууллаа.

-Сайн байна уу. Бидний ярилцлагын урилгыг хүлээж аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн. ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Намайг О.Өлзийбаяр гэдэг. “Олонлог” дунд сургуулийг төгсөөд АНУ-ын Массачуссетсын технологийн их сургуулийг программ хангамжийн чиглэлээр төгссөн. “Фэйсбүүк” компанийн зар сурталчилгааны хяналтын хэсэгт инженерээр ажиллаад жил хагас болж байна. 

-Тэгэхээр хоёулаа “Фэйсбүүк”-т анх хэрхэн ажилд орсон талаар нь яриагаа эхлүүлье. “Фэйсбүүк”-т ажилд ороход нэлээд өндөр шалгууртай байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Намайг Массачуccетсын технологийн их сургуульд сурч байхад манай сургууль дээр “Фэйсбүүк”-ийн ажлын сонгон шалгаруулалт болж байсан. Тухайн үед оюутан байсан болохоор ажлын ярилцлагад ороод зуны дадлага хийх санал авсан. Түүнээс хойш хоёр зун дараалан дадлага хийсэн. Тэгээд дадлага хийж байх хугацаандаа ажлын санал авсан. Анх ярилцлагад ороход шалгуурын хувьд мэдээж өндөр байсан. Инженерийн мэдлэг талаасаа программ хангамжийн чиглэлийн олон бодлого бодуулж байсан. Ерөнхийдөө эхний 15 минут нь тухайн хүнийг тандсан асуулт асуусан байдаг. Өөрийгөө танилцуулах боломжтой надад өгөгдсөн хугацаа гэсэн үг. Энэ хугацаанд юу сонирхдог, ямар туршлагатай талаар яриулдаг. Дараагийн 45 минутад техникийн хэсэг буюу код бичиж өөрийнхөө чадварыг харуулдаг. Гэхдээ энийг ганц удаа биш 3-5 удаагийн ярилцагад орсоны дараа тэнцэх эсэхийг шийддэг. Ер нь "Фэйсбүүк”-т ажилд ороход хамгийн гол шалгуур нь мэргэжлийн ур чадвар байдаг. 

-Фэйсбүүкт ажилд ороход мэргэжлийн ур чадвар хамгийн чухал байдаг гэж байна. Тэгэхээр таны хувьд мэргэжлийн шалгаруулалтад нь сайн оноо авсан байх нь ээ?

-Тийм. Гэхдээ түүнээс гадна Массачуссетсын технологийн их сургуулийг төгссөн нь ихээхэн нөлөөлсөн гэж боддог.

-Ажлын шалгаруулалтад орохын тулд өөрийгөө их бэлдсэн байх. Том компанид ажилд орохын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Орох гэж буй компани том байх тусмаа тухайн хүнд тавигдах шаардлага өндөр болдог. Тэр хэрээрээ том компанид ажилд орохын тулд өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм л даа. IT-ийн  чиглэлээр том компанид ажилд орох хүсэлтэй байгаа залуус hackerrank.com гээд вэбсайтыг ашиглаж болно. Мөн Cracking the Code гээд "Microsoft", "Apple", "Google"  зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан хүний бичсэн зургаан өөр хувилбараар хэвлэгдсэн ном бий. Энэ номоос мөн бэлдэж болно. 

-Зар сурталчилгааны хяналтын хэсэгт инженерээр ажиллаж байгаа гэсэн. Хийж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Фэйсбүүкийн зар сурталчилгааны хэсэгт болон зарагдаж байгаа цахим бүтээгдэхүүнд чанарын шалгалт хийдэг. Цахим бүтээгдэхүүн ч гэсэн ёс бус үг хэллэг хэрэглэж болохгүй, хууль бус зүйл сурталчлахгүй гээд өндөр шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг. Тэр бүгдийг хянадаг системийг хариуцан ажилладаг. Өдөрт хамгийн багадаа нэг сая орчим зар сурталчилгаа, цахим бүтээгдэхүүнийг хянаж, боловсруулдаг систем дээр ажилладаг.

Миний хийх ажил өдөрт 1.5 тэрбум хүнд  хүрэх боломжтой гэдэг нь надад хамгийн том урам зориг өгдөг

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Миний хувьд зөвхөн код бичихээс гадна олон уулзалтыг хийдэг. Хэрэглэгчдийн санал болгосон бүтээгдэхүүний системийг боловсруулж өгдөг болохоор тэр хүмүүстэйгээ уулзаж санал бодлыг нь сонсоно. Харин үлдсэн цагт нь код бичих ажлаа хийнэ. Ажлын ачаалал ихтэй байдаг болохоор цагаа маш сайн хэмнэж, үр бүтээлтэй өнгөрүүлэх шаардлагатай болдог.  Тиймээс программ бичихдээ Vim, Atom, terminal, Chrome, gmail зэрэг  хэрэгслүүдийнхээ товчлолуудад хурдан дадахыг хичээдэг. Энэ нь миний хувьд цаг хэмнэхэд ихээхэн тустай байдаг. Мөн хүмүүстэй харилцахдаа товч бөгөөд тодорхой байхыг урьтал болгодог. Урт хугацааны хэрэгцээгүй, сунжирсан харилцаанд цагаа үрэхийг хүсдэггүй.

-Таны ажлын онцлох арга барил юу вэ?

-Миний хувьд нэгдүгээрт хийсэн ажлынхаа тайлан, үр дүнг тухайн цаг бүрт нь гаргаад танилцуулаад явахыг хичээдэг. Энэ нь ажлаа үр дүнтэй мөн юун дээр алдаа гаргасан, аль хэсгийг нь сайжруулах ёстой гэхчлэн өөрийн хийсэн ажлаа дүгнэн эргэж харахад давуу тал болдог. Тиймээс Wunderlist гэдэг аппликэйшнээр хувийн болон ажлын хийх зүйлсээ хөтөлдөг. Нөгөө нэг зүйл нь ажлаа хийхдээ үргэлж хэрэглэгчийн талаас харж, бодолцож үздэг. Миний хийж байгаа зүйлийг манай эмээ ашиглана, манай найз хэрэглэж байна гэж бодоод тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж, тэр хүний нүдээр харж хийхийг хичээдэг. Учир нь миний хувьд энгийн гэж харж байгаа зүйл тухайн хүнд энгийн зүйл биш байж болох талтай.

-Таны ажлаасаа авдаг урам зориг юу вэ?

-“Фэйсбүүк” компани ажилчдаа ямар арга барилаар удирддаг вэ. Компанийн тогтсон соёл байдаг байх?

-Манай компани ажилтныхаа нас, хүйс, үндэс угсаа, ажилласан жил, туршлагаас үл хамааран бүх хүнээс ганцхан зүйлийг л шаарддаг. Тэр нь хийж байгаа ажлын үр дүн. Тухайн ажилтныг дүгнэх хамгийн зөв арга бол хийсэн ажлын үр дүн гэж үздэг. Тийм болохоор надаас ч мөн ялгаагүй "Фэйсбүүк" компани  өөрийнхөө үүрэгт ажлаа маш сайн хийхийг шаарддаг . Хүн бүр хийсэн ажлаа ямар үр дүнтэй явж буйг тайлагнах ёстой байдаг. Энэ нь багаар хамтран ажиллахад сайнаар нөлөөлдөг. Мөн манай компани дотоод соёлын хувьд их нээлттэй гэж хэлж болно. Ямар ч хүнтэй очоод ярилцсан ажилчид нь их нээлттэй ярилцдаг. Тиймээс ямар нэг асуудал гарахад хэнтэй ч уулзаж, зөвлөж  болно. Дадлагын оюутан байсан ч Марк Цукербергтэй уулзаж, үзэл бодлоо солилцон, ярилцах боломжтой байдаг гэсэн үг. Нээлттэй байдал нь надад маш их таалагддаг.

-Та Марк Цукербергтэй уулзаж, ярилцаж байсан уу? 

-“Фэйсбүүк”-т таниас өөр монгол хүн ажиллаж байна уу?

-Манай компани 15000-20000 гаруй үндсэн ажилтантай. Түүнээс 3000-5000 нь инженерийн чиглэлийн хүмүүс байдаг. Одоогоор "Фэйсбүүк”-т надаас гадна хоёр монгол инженер бий . Өмнө нь зургаан монгол инженер ажиллаж байсан.

Дуртай зүйлээ хийж өөрийгөө цэнэглэж байхгүй бол зай нь дууссан утас шиг унтрах тохиолдол бий

-Залуу хүнд role model гэж байдаг даа. Таны role model хэн бэ?

-Би role model-ийг намайг чиглүүлж, хөгжүүлж, өөрийгөө дайчилж, илүү их хичээхэд нөлөөлдөг зүйл гэж ойлгодог. Тийм болохоор миний амьдралд role model болж байсан дүрүүд маш олон бий. Арван жилийн сурагч байхдаа математикийн олимпиадад ороод түрүүлж байгаа ахаасаа үлгэр дууриалал авч, тэр хүн шиг болохыг хичээдэг байсан бол, их сургуульд ороод гадаад оюутнуудаас суралцах зүйл маш их байсан. Тухайлбал, их сургуульд сурч байхад манай сургуульд судалгаа хийж байсан Америк залуугаас хийсэн ажлаа тайлагнаж, үр дүнгээ маш сайн нягталж хардаг чадварыг нь суралцаж байсан гэхчлэн амьдралдаа үлгэр дууриалал авч сурсан зүйл олон бий. Одоо ч мөн ялгаагүй ажил дээрээ хэн нэгнээс суралцаад үлгэр дууриалал аваад явж байна. Ер нь өөрөө өөртөө сэтгэл ханаад би чаддаг, мэддэг гээд суух биш үргэлж суралцагч байж, хэн нэгнээс сайн талыг нь олж хараад өөрийн амьдралд хэрэгжүүлэх нь амжилтын эхлэл гэж боддог.

-Ажлаасаа сурсан хамгийн том туршлага, хичээл юу байдаг вэ ?

-Өдөр тутмын програмч хүний оролцдог процессуудаас гадна ажлаасаа сурч авсан том зүйл бол хувь хүний өөрийн ажилдаа хандах сэтгэл зүй нь ажлын үр дүн, ажиллах орчин, ажилллах хугацаа зэргээс илүү хүчтэй байдаг юм байна. Сэтгэл зүй судлалд импостер синдром гээд хэллэг байдаг. Энэ нь ямарваа хүн шинэ орчинд ажиллахаар өөрийгөө чамлаад хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаггүй үзэгдлийг хэлдэг. Манай ажлын олон мундаг инженерүүд иймэрхүү байдлыг мэдэрч байсныг дуулаад гайхаж байсан. 

-Үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг олон монгол залуу бий. Тэдний нэг төлөөлөл нь та. Энэ нь монгол хүн дэлхийд өрсөлдөх хэмжээний потенциал, ур ухаан, чадвартай гэдгийг харуулж байна. Гэхдээ хамтарч ажиллах, нэгдмэл сэтгэлгээ гэдэг зүйл дээр дутмаг байдаг юм шиг санагддаг?

-Монгол хүн бүр өөрийгөө дайчилж чадах юм бол хүрэхгүй оргил, хийж чадахгүй ажил гэж байхгүй гэж боддог. Гагцхүү түүнийг ганцаараа биш хамтдаа хийвэл бид хөгжинө . Тиймээс АНУ-д ажиллаж байгаа манай салбарын монгол залуус нэгдэж, улс орныхоо хөгжлийн талаар ярилцаж, бидний зүгээс юу хийж, хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцдаг. Хойд Америкт ажиллаж байгаа монголын IT мэргэжилтнүүдийн групп хүртэл үүсгэсэн байгаа.  

-Инженер болох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Намайг мэргэжлээ сонгож байх үед мэдээллийн технологийн салбарыг тэр дундаа програмисст болно гэхээр хүмүүс сайн ойлгодоггүй байсан. Харин сүүлийн үед Монголд энэ хандлага нэлээд өөрчлөгдөж IT-ийн салбар ирэээдүйд хамгийн чухал гэдгийг соёлын хувьд мэдэрч ойлгож байх шиг байна. Тийм болохоор миний үед багаасаа IT инженер болохыг мөрөөддөг хүн цөөхөн байсан. Миний хувьд ч ялгаагүй инженер болох нь багын мөрөөдөл байгаагүй. Арван жилээ төгсөөд мэргэжлээ сонгоход манай ах программист болохыг зөвлөж байсан. Дунд сургуульд байхдаа математик, физикийн хичээлдээ суурь сайтай байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон доо.

-Амьдралдаа авч байсан хамгийн том сургамж, бүтэлгүйтэл юу байв. Алдаад сургамж авч байсан зүйл гэх юм уу?

-Их сургуулийн гуравдугаар курст байхдаа хэтэрхий их хичээл хийгээд стресст орж байсан үе бий. Тэр үед нэлээн олон зүйл ойлгож байсан. Хүн ажил амьдралын заагаа зөв тогтоож, дуртай зүйлээ хийж өөрийгөө цэнэглэж байхгүй бол яг л зай нь дууссан утас шиг таг суух тохиолдол байдаг юм байна гэдгийг мэдэрч байсан. Зайгүй бол хэчнээн гоё утас байгаад ч нэмэргүй шүү дээ. Түүнтэй адилаар хүн хэчнээн гоё ажил хийдэг, хэчнээн сайн ажилладаг байх нь хамаагүй, хэрвээ ажилдаа дургүй, стресстэй байвал нураад унах магадлалтай.

-Та өөрийнхөө 5-10 жилийг хэрхэн төсөөлдөг вэ. Таны алсын хараа гэх юм уу?

-Алсдаа жижиг компанид ажиллана гэсэн бодолтой явдаг. Одоогоор Монголдоо очиж ажиллах төлөвлөгөөгүй байна. Мөн гэр бүлтэй болно байх. 

-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-ийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?

-Сайн бүтээгдэхүүн хийхэд нэг хоёр хүний шинэ санаа мэдээж хэрэгтэй, харин түүний ард 100,200,300 гаруй чадварлаг инженер хэрэг болно. Тэрний дараа том хэмжээний бизнес болж хөгжих боломж гарна. Манайд IT-ийн салбар хөгжиж яваа ч эрхзүйн орчин нь дутмаг байна. Тэр орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эхний ээлжинд чадварлаг инженерүүдийг олноор бэлдэж, жижиг компаниудаа төр засгаас бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа монгол хүмүүсийн тоо нэмэгдэх хэрэгтэй. Өнөөдөр хойд АНУ–д гэхэд ITсалбарт ажиллаж байгаа 200 монгол хүн байна . Энэ тоо гэхэд л нэг тэгээр нэмэгдэж байж монгол IT инженерүүд дэлхийд гарах боломж нь илүү нэмэгдэх болов уу. Технологийн даацтай байр суурийг бий болгоход хэдэн мянган хүн, түүнийг дагасан хэдэн арван жижиг компани, тэдний нийлүүлэгчид хэрэгтэй болно. Тэгж байж энэ эко системээс сайн бүтээгдэхүүн бий болно. 

-Таны бодлоор ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН гэж хэнийг хэлэх вэ?

-Миний бодлоор мэдээллийн технологийн хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж, мэргэжлийн бус ч мэдээллийн технологийг ойлгох, мэдрэх чадвартай, ямар ч мэргэжлийн хүн байсан тухайн мэргэжлээ хамгийн сайн эзэмшсэн, тэрбум хүнтэй өрсөлдөх чадвартай, дэлхийн хэлээр ярьдаг тийм хүнийг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН гэж хэлэх байх даа.

-Ирээдүйд биднийг ямар технологи удирдах вэ?

-Сүүлийн үед хүний оюун ухаанаас илүү мэдээллийг боловсруулах, алдаа гаргахгүй технологиуд гарч ирж байна. Өнөө үед machine learning, хиймэл оюун ухаанаар удирдах технологид дэлхийн томоохон компаниуд хөрөнгө оруулж байна. Ирээдүйд "virtual reality" буюу бодит байдал, "augmented reality" буюу баяжуулсан хиймэл дүрслэл талруугаа хөгжих болов уу.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?

-“Амьдралын том, том алхамуудаа хийхэд минь тусалж байсан хамгийн чухал хэрэгсэл бол би удахгүй үхнэ гэдгээ байнга санахад оршино" гэж Стив Жобс хэлсэн байдаг. Энэ үг залууст зориулсан амьдралынхаа болохгүй, бүтэхгүй хэсэгт өөрчлөлт хийх том зөвлөгөө гэж бодож байна. 

  Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуу бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн