Дэлхий | 2 мин уншина

Хятад улс Зүүн өмнөд Азийг бүхэлд нь өндөр хурдны галт тэргээр холбоно

Хятад улс Зүүн өмнөд Азийг бүхэлд нь өндөр хурдны галт тэргээр холбоно
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Хятадын баруун өмнөд хэсгээс 2000 орчим миль туулж, 30 хүрэхгүй цагийн дараа Сингапурт хүрнэ гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол Хятад улс арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн хилийн чанадад дэд бүтцийг хөгжүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөр болох “Бүс ба Зам” санаачилга (BRI)-ын нэг хэсэг юм.
2021 онд Лаос-Хятадын хагас хурдны төмөр зам ашиглалтад орж, баруун өмнөд Хятадын худалдааны төв гэгдэх Кунмин хотыг Лаосын нийслэл Вьентьян хоттой холбосон бөгөөд ойролцоогоор 1000 км (621 миль) замыг туулдаг. Энэ нь хуурай газраар аялагчдын тоог нэмэгдүүлж, далайд гарцгүй жижигхэн улсын дотоодын худалдаачид, бизнес эрхлэгчдэд ихээхэн ашиг тусаа өгсөн. Мөн Хятадын тусламжтайгаар Зүүн өмнөд Азийн анхны суман галт тэрэг олон жилийн бэрхшээл, саатлын дараа 2023 оны аравдугаар сард Индонезид явж эхэлсэн бөгөөд нийслэл Жакарта болон тус улсын хамгийн том хотуудын нэг, урлаг соёлын томоохон төв болох Баруун Ява дахь Бандунг  холбосон юм.
Үүний зэрэгцээ Тайландад хоёр дахь өндөр хурдны галт тэрэгний төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь Лаос-Хятадын төмөр замыг Бангкоктой холбох зорилготой боловч удааширч, барилгын зардал нэмэгдэж байна. Тайландын Засгийн газар одоогийн байдлаар бүрэн шугамыг 2028 он гэхэд ашиглалтад оруулна гэж найдаж байна. Харин Хятадын Засгийн газар тодорхой цаг хугацааны хуваарийг хэлээгүй байна.  Энэ шугам эцэст нь дуусмагц хойд Малайз руу тэлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь нийслэл Куала Лумпуртай холбогдоно. Нэгдүгээр сард ашигтай төсөл хэрэгжүүлэхээр дотоодын болон олон улсын консорциумуудаас санал ирүүлсэн.
Гэвч Японы фирмүүд, тэр дундаа Зүүн Японы төмөр замын компани Малайзын Засгийн газраас албан ёсны санхүүгийн дэмжлэг авахгүй бол энэ нь хэтэрхий эрсдэлтэй гэсэн хариу хэлээд байгаа юм. Аялал жуулчлалын “Check-in Asia” компанийг үүсгэн байгуулагч, аялал жуулчлалын болон хэрэглэгчийн чиг хандлагын шинжээч Гэри Бауэрман “Хятад улс дэлхийн хамгийн том хурдны төмөр замын сүлжээгээрээ аль хэдийнээ сайрхаж байгаа бөгөөд Хятадын пүүсүүд дэд бүтцийн технологио бусад улс орнуудад борлуулж, экспортлохыг эртнээс эрмэлзсээр ирсэн. Зүүн Өмнөд Ази бол Хятадтай ойр оршдог  учраас тодорхой сонголт” гэжээ.
Лаосын эртний сүм хийдүүд, Тайландын онгон дагшин наран шарлагын газруудаас эхлээд ширэнгэн ой мод, Малайз дахь эко аялал зэрэг нь Зүүн Өмнөд Азийн тэр тусмаа Хятадын аялагчдын анхаарлыг татсаар ирсэн гэдгийг  шинжээчид тэмдэглэжээ. АНУ-ын Бентли их сургуулийн дэлхийн судлалын профессор, улс төрийн эдийн засагч Пон Суваннасенг “Олон улс Хятадтай хиллэдэг, урт удаан түүхтэй. Хятад улс Зүүн өмнөд Азийг экспортын гол зах зээл, аюулгүй байдлын гол бүс гэж үздэг” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн