Спорт | 1 мин уншина

Анталиягийн “Их дуулга”-д Монголын 19 жүдоч барилдана

Анталиягийн “Их дуулга”-д Монголын 19 жүдоч барилдана
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг Анталиягийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ. Парисын олимпын эрхийн оноо олгох энэхүү чухал тэмцээнд 93 орны 628 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
Харин манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 10 жүдоч зодоглохоор Анталияд очсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Э.Буянцагаан, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д М.Ичинхорлоо, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул зодоглох юм.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д хамгийн олон буюу 61 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн ангиллын долоон жингээс 57 кг-д 44 жүдоч барилдахаар мэдүүлэг өгсөн нь хамгийн олон болж байна. Хэсгийн барилдаан Улаанбаатар цагаар 14:00 цагт эхлэх юм. Харин медалийн төлөөх барилдаан 22:00 цагт болох бөгөөд С1 телевиз орон даяар шууд дамжуулна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн