Спорт | 1 мин уншина

АЗИЙН АВАРГА: Монгол Улсын шигшээ багууд илт давуугаар хожил байгууллаа

АЗИЙН АВАРГА: Монгол Улсын шигшээ багууд илт давуугаар хожил байгууллаа
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад өнөөдөр эхэллээ. Энэ өдөр манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тус тус хоёр тоглолт хийх хуваарьтай байсан. Тэгвэл хэдхэн минутын өмнө манай улсын эрэгтэй, эмэгтэй баг эхний тоглолтоо хийж, амжилттайгаар хожил байгууллаа.
Эрэгтэй багийн тухайд Шри Ланктай тоглож 15:13 харьцаатайгаар хожсон. Ингэхдээ А.Ананд гурав, А.Азбаяр тав, С.Биндэръяа гурав, Ч.Тэмүүлэн дөрвөн оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн юм. Хэдийгээр багийн бүрэлдэхүүн залуу, шинэ хэмээн шүүмжлэл дагуулаад байсан боловч тэд тийм ч зөөлөн самар биш гэдгээ эхний тоглолтоороо харууллаа.
Харин Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн хувьд эсрэг баг болох Малайзын шигшээ баг "халаалт" байлаа гэхэд болно. Учир нь, манай шигшээ баг 21:4-өөр илт давуу хожлыг байгууллаа. Нурууны өндөр байсан ч туршлага, чансаа илүүг давхар харууллаа. Энэ тоглолтод Б.Ариунцэцэг 10 оноо авч багаа тэргүүлсэн бол Ө.Индра зургаа, О.Хулан таван оноо авч багтаа тус болжээ. Харин Малайзын багийн зүгээс Ky Lie Hiew гурав, Nur Adila Shahira Binti Juraim нэг оноо авсан байна.
Ийнхүү Монгол Улсын шигшээ багууд бүрэлдэхүүний маргаантай явсан ч эхний тоглолтоо амжиллтай дуусгаж, хоёр дахь тоглолтоо хүлээж байна.

Дараагийн тоглолт эмэгтэй баг 18:30 цагаас Филиппинтэй, эрэгтэй баг 19:20 цагаас Тайландтай тоглох хуваарьтай байна.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн