Улс төр | 3 мин уншина

Part-3: МАН-ын “Орон сууцтай өрх” амлалтыг дүгнэе

Part-3:  МАН-ын “Орон сууцтай өрх” амлалтыг дүгнэе
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн эсэхэд хариулт хайж, сонгогчдод дүгнэлт хийх, эргэцүүлэх боломжийг олгож байгаа билээ. Энэ удаа МАН-ын мөрийн хөтөлбөрөөс “Орон сууцтай өрх” амлалтыг онцолж байна.
Амлалт: 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
undefined
-150 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нэлээд хэдэн төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Харин бүрэн хэрэгжиж дууссан нь цөөхөн бөгөөд ихэнхийнх нь гүйцэтгэл хангалтгүй байна. Тухайлбал,
-Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих "Солонго 1, 2 орон сууцны төслийн гүйцэтгэгчийг шалгаруулсан ч ажил эхлээгүй.
-Орлогод нийцсэн 10,000 орон сууцны эко хорооллын төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн ч ажлын гүйцэтгэл хангалтгүй, 50 хувьтай байна.
-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах "Залуус 1" хорооллын зураг төсөв, техникийн нөхцөлүүд батлагдаж эхний ээлжийн 936 айлын барилгын ажил явагдаж байна. Гэвч төлөвлөгөөнд туссан Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих газрын нэгдсэн мэдээлийн сан байгуулах, 30 000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлэн ажилласан нь тодорхойгүй байгаа аж.
-Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд орлогод нийцсэн 740 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр тусгасан ч хэрэгжилт 30 хувьтай гэж аудит дүгнэжээ.
Амлалт: Хуримтлалын нэгдсэн сантай болж, шимтгэл төлөгч иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болгоно.
undefined
-Энэ амлалт одоогоор биелээгүй байна. Засгийн газар иргэн бүр хуримтлалын сантай болгох Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна. Энэ хууль батлагдсанаар байгалийн баялаг, нийгмийн даатгалын сангаас орж ирэх орлогын тодорхой хэсгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэд өөрийн хуримтлалын сан дахь мөнгөөрөө орон сууц худалдан авах зэрэгт ашиглаж болохоор яригдаж байгаа. Гэхдээ ажил хэрэг болоогүй байна.
Амлалт: Нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдун авахад урьдчилгаа төлбөргүй байх ипотекийн зээлд хамруулна.
undefined
-Ипотекийн зээл авах журамд нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууцны зээл авбал урьдчилгаа төлбөр төлөхгүй гэсэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ амлалт хэрэгжээгүй юм.
Амлалт: Анх удаа орон сууц авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.
undefined
-Анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд зургаан хувийн хүүгээр зээл олгохоор Монголбанкны журамд өөрчлөлт орсон. Мөн хотоос хөдөө руу шилжиж байгаа албан хаагчид, залуу гэр бүлд орон нутагт 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгодог болсон. Мөн урьдчилгаа 30 хувийн 60 хувийг нь төрөөс батлан даахаар болсон юм.
Амлалт: Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална.
undefined
-Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод орон сууцны квадрат метрийн дундаж үнэ 1.8 сая төгрөг байсан бол 2024 оны байдлаар Улаанбаатар хотод орон сууцны дундаж үнэ 3.7 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны суурь үнэ дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Цементийн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдсэн ч жил ирэх тусам үнэ нь нэмэгдсэн.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн