Улс төр | 2 мин уншина

Н.Алтанхуяг: Цэцийн гишүүнийг түдгэлзүүлдэг болбол үгэнд орохгүй хүмүүсээ түдгэлзүүлж байгаад хулгай, дээрмээ хийнэ

Н.Алтанхуяг: Цэцийн гишүүнийг түдгэлзүүлдэг болбол үгэнд орохгүй хүмүүсээ түдгэлзүүлж байгаад хулгай, дээрмээ хийнэ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 29
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би анх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт орж ажиллая гэсэн юм. Гэтэл хурдтай яваад, олигтой хэлэлцэхгүйгээр УИХ руу орчихлоо. Тиймээс би гарын үсэг зураагүй. С.Мөнх-Оргил, С.Бямбацогт хоёр гарын үсэг зурж ороод хэлэлцээд байгаа юм. Сонгуулийн сураг дуулдаад бүгд морин дээрээ гаргаад мордчихсон ийм цаг үед ийм концепцийн том хууль хэлэлцэх нь их осолтой байдаг.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заалт орж ирж байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн түдгэлзүүлнэ гэдэгтэй адил. Энэ их аюултай. Хэн нэгэн дургүй хүргэсэн хүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад хулгай, элдэв дээрмээ хийхвий. Үндсэн хуульд түдгэлзүүлэх тухай ойлголт огт байхгүй. Харин эгүүлэн татаж болно.
Мөн УИХ Үндсэн хуулийн Цэцийн дээр гарах гээд байна. Уг нь Цэцийн гишүүн хууль зөрчвөл эгүүлэн татах асуудлыг УИХ ярих ёстой. Гэтэл энэ хууль дээр УИХ тэр гишүүний асуудлыг Цэцэд нь өгнө гэнэ үү. Ийм ийм байж болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн Үндсэн хууль л байна.
Түүнчлэн Цэцийн гишүүн хэн ч томилогдож болох заалт орсон байна. Үндсэн хууль дээр хууль зүйн өдөр мэргэшилтэй хүнийг Цэцийн гишүүнээр томилно гэдэг. Гэтэл үүний урд хуулийн дээд боловсролтой гэж биччихээд байгаа. Дараа нь хуулийн дээд боловсролтой хүнийг 40 нас хүрэхээр Цэцийн гишүүнээр томилж болно гээд л хийнэ. Цэцийн гишүүн сул хүн байж болохгүй. Эсвэл энэ хуулийг больчих хэрэгтэй. Нэг гарчихсан хуулийг дахиад засна гэхээр худлаа. Харин бид 70,80 хувь биелчихсэн гээд байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрийг яримаар байна.
Тус хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, өнөөдөр дууссан. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн