Нийгэм | 3 мин уншина

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Чой Жин Вон гэж хэн бэ

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Чой Жин Вон гэж хэн бэ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
Бүгд Найрамдах Солонгос улсын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гүгийг эгүүлэн татаж, шинэ элчин сайд томилсон билээ. Тодруулбал, БНСУ-ын Дотоод хэргийн яаманд Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцан ажиллаж байсан Чой Жин Воныг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон.
БНСУ-ын Засгийн газар өмнөх Элчин сайдыг 15 сарын дараа эгүүлэн татаж байгаа бөгөөд "Yonhap" агентлагийн мэдээлснээр Элчин сайд Ким Жун Гүг нь улс төрийн шинэ хүчин байгуулахад шаардлагатай дэмжигч гишүүдийн бүртгэлийг хийхдээ Вьетнамын дайнд оролцож байсан ахмад дайчдын хувийн мэдээллийг ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм байна.
Тэгвэл шинээр томилогдон ирж буй  Чой Жин Вон гэж хэн бэ
Элчин сайд Чой Жин Вон нь өдгөө 56 настай, эдийн засагч мэргэжилтэй. 1994 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийг эдийн засагч, 2003 онд АНУ-ын Виржиниагийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус дүүргэсэн байна.
-1994 онд их сургуулиа төгсөөд төрийн албаны шалгалтад тэнцэж, 1996 оноос Солонгосын Санхүү, эдийн засгийн яаманд ажиллаж байгаад 1998 оноос Гадаад хэргийн яаманд ажиллаж эхэлсэн байна.
-2007 онд Швейцарын Женев дэх НҮБ-ын төлөөлөгчийн газар болон Олон улсын байгууллагын дэргэд суугаа Солонгосын Байнгын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга
-2009 онд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх
-2011 онд ССАЖЯ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрийн товчооны ЧХБ-ын дүрмийн хэлтсийн дарга
-2012 онд ССАЖЯ-ны чөлөөт худалдааны хэлэлцээрийн товчооны ЧХБ-ын бодлого төлөвлөлтийн хэлтсийн захирал
-2014 онд Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны ЧХХЯ-ны бодлого төлөвлөлтийн хэлтсиийн дарга
-2014 онд MOTIE-ийн ЧХХ-ийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
-2015 онд ГХЯ-ны Төлөвлөлт, зохицуулалтын газрын Төлөвлөлт санхүүгийн асуудал эрхэлсэн захирал
-2016 онд АНУ дахь БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх
-2019 онд ССАЖЯ-ны Ерөнхий захирлын хоёр талын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд дарга
-2021 онд Солонгосын Үндэсний Дипломат Академийн (KNDA) төлөвлөлт, үнэлгээний декан
-2023 онд Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагааны ерөнхий захирал
-2024 оны гуравдугаар сараас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
Шинээр томилогдон ирж буй Элчин сайд Чой Жин Воны ажилласан байдлыг харвал, гадаад харилцааны чиглэлээр 26 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Тэр дундаа чөлөөт худалдааны хэлэлцээр, төлөвлөлт хөрөнгө оруулалт чиглэлээр мэргэшин ажиллажээ.
Мөн 2009-2011 он хүртэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан учраас манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн мэдээлэлтэй нэгэн аж.
Монгол Улс, БНСУ нь 2021 онд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиолцсон бөгөөд манай хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэг Ерөнхий сайд нарын түвшинд илэрхийлж байсан. Хоёр улсын иргэдийн харилцан визгүй зорчуулах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэрэг асуудалд шинэ Элчин сайдын нөлөө их байх нь гарцаагүй юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн