Үйл явдал | 3 мин уншина

Эмийн үнэ, чанар, стандартад хийх шалгалтад саад учруулж буй байгууллагуудыг нэрлэлээ

Эмийн үнэ, чанар, стандартад хийх шалгалтад саад учруулж буй байгууллагуудыг нэрлэлээ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 28
УИХ-аас “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороог өнгөрсөн онд байгуулсан. Тэгвэл тус хорооны нотлох баримтыг хянан, шалгах нээлттэй сонсголыг хийх хугацаа ойртоод буй. Гэтэл Түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн зүгээс холбогдох албан байгууллага, албан тушаалтнууд нотлох баримтыг ирүүлэхгүй, нуун далдалж, түр хорооны ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулж байна хэмээгээд байсан. Тэгвэл тэрээр өнөөдөр хяналт, шалгалтын ажилд саад учруулж буй байгууллагуудыг нийтэд зарлалаа.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Чинбүрэн:
-Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал.
Нэгд, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай найм, ес, аравдугаар жагсаалт, хүүхдийн нэг, хоёр, гуравдугаар жагсаалттай холбоотой нотлох баримтыг гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч "ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын салбар зөвлөлөөс ав" гэдэг хариу өгсөн.
ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, эм судлалын салбар зөвлөлийн тэргүүн нь н.Энхжаргал гэж хүн байгаа. Эм холбооны тэргүүн, АШУҮИС-ийн Эмзүйн тэнхимийн багш давхар хийдэг. Ингээд энэ газарт дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь архивт байхгүй, гар ноорог байгаа ЭМЯ-нд байх ёстой. Би эмнэлэгт хэвтсэн зэргээр нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.
Бид ямар учиртай протоколыг нэхээд байна вэ гэхээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход чухал протокол юм. Гэвч өгөхгүй байна. Мөн архивын хуулийг зөрчиж ЭМЯ-нд байхгүй байх жишээтэй.
Хоёрт, ЭМЯ-ны харьяа ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газар зэрэг нь өнөөг хүртэл эмийн худалдан авалтын судалгаа холбогдох нотлох баримтыг гаргаж ирээгүй байна.
Ер нь, хулгайг харахад улсын баялгаас эсхүл тендерийг албан тушаалтан, эвэртэн туурайтнуудтайгаа нийлж  хулгай хийдэг тогтолцоо байгаа юм байна. Үүнийг шалгах гэхээр материалаа ирүүлэхгүй байгаа.
Гуравт, Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг өдийг хүртэл ирүүлээгүй байна.
Дөрөвт, Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Түүнчлэн, Хянан шалгах түр хороонд ирүүлж буй нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлж байгаагаас гадна Монгол Улсын Хяналт шалгалтын тухай хуулийн 41-р зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй нийтлэг асуудал байна.
Тиймээс түр хороо нотлох баримтыг дахин хангуулах, дутуу ирүүлсэн баримт бичгийг бүрдүүлэх, хянах, алдаатай зөрүүтэй мэдээлэл нягтлах, зэргээр албан тушаалтан, төрийн байгууллага албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж цаг хугацаа шаардсан ажлыг дахин давтан гүйцэтгүүлж байна. Иймд Хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, зайлсхийсэн, түр хорооны хянан шалгах ажилд санаатайгаар саад учруулж буй албан тушаалтанд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 58-р зүйлд заасны дагуу хариуцлага тооцно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээлээ.
Ийнхүү түүний хувьд түр хорооны ажилд нэр бүхий байгууллага, албан тушаалтнууд нотлох баримтыг ирүүлэхгүй байгаа гэх шалтгааныг хэлж байгаа бол өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал байхгүй. Би саяхан Ж.Чинбүрэнгийн нэхсэн бүх материалыг гаргаж өгсөн хэмээгээд буй.
Түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн үгээс ажвал, эмийн асуудалд ямар нэг байдлаар гар дүрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй буй этгээдүүд хяналт, шалгалтын ажилд саад учруулж байгаа аж.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн