Спорт | 2 мин уншина

Дөрөвдүгээр сарын спорт

Нийтэлсэн 2024 оны 3 сарын 27
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеийн зургийг ашиглав.
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеийн зургийг ашиглав.
Дөрөвдүгээр сар бол Монголын тамирчдын хувьд онцгой сар. Учир нь, хэд хэдэн чухал тэмцээн хүлээж буй. Ялангуяа чөлөөт бөх, буудлагынхан олимпын эрхээ нэмэгдүүлэх дайралтаа хийнэ. Тиймээс дөрөвдүгээр сард Монголын спорт сонирхогчид баяртай, харамсалтай мэдээ цөөнгүй сонсох биз. Фанатууд, хөгжөөн дэмжигчдийг “Сэтгэлээ бариарай” гэж зөвлөөд дөрөвдүгээр сард болох томоохон тэмцээний товч мэдээлэл хүргэе.
Буудлага
2024.04.11-20: Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод буудлагын дэлхийн цомын тэмцээн болно. Энэ нь “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээн юм.
Чөлөөт бөх
2024.04.11-16: Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо болно.
2024.04.19-21: Азийн аварга дууссанаас хойш гурав хоногийн дараа “Парис-2024” олимпын эрхийн тэмцээнтэй.
Жүдо
2024.04.08-10: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болно. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид 2024-2025 оны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах юм.
2024.04.20-23: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт болно.
Сагсан бөмбөг
2024.04.03-07: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх Зүүн Азийн урьдчилсан шатны тэмцээний нэгдүгээр шат Монголд болно. Найман баг өрсөлдөх энэхүү тэмцээнд Монголын Үндэсний дээд лигийн хоёр баг анх удаа оролцох юм. Тэмцээний хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 23-26-нд Индонезын Жакарта хотод болно.
3х3 сагсан бөмбөг
2024.04.12-14: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн эхний тэмцээн Хонконгт болно. Уг тэмцээнээс зөвхөн финалдсан багууд эрхээ авах хатуу болзолтой.
Цахим спорт
2024.04.23-05.12: ESL-ээс зохион байгуулдаг хамгийн том мэргэжлийн лигт Монголын The MongolZ баг Ази тивийг төлөөлөн оролцоно.
2024.04.03-22: Азийн чэлленжер лигийн сүүлийн тойргийн тоглолтууд дөрөвдүгээр сард болно. Тэмцээнд Монголын дөрвөн баг оролцож байна.
2024.04.03-14: Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд найман баг оролцоно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн