Улс төр | 2 мин уншина

Д.Сумъяабазарыг хангайн бүст нэр дэвш гэжээ

Д.Сумъяабазарыг хангайн бүст нэр дэвш гэжээ
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 26
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Сумъяабазар 2012 оноос хойш тасралтгүй СХД-ийн тойргоос сонгогдож, парламентын гишүүнээр 3 удаа ажилласан. 2020 оны сонгуулийн дараа өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, хотын дарга болсон.
Тэгвэл хотын даргаас огцорч, автобусны худалдан авалтын асуудалд холбогдоод байгаа Д.Сумъяабазар энэ удаад тойргоо солих бололтой. Тодруулбал, намын удирдлагууд түүнийг Өвөрхангай аймгийг төлөөлж буюу хангайн бүст нэр дэвш гэжээ. Өвөрхангай аймаг бол түүний аавын уугуул нутаг. Энэ талаас нь харвал тэрээр Өвөрхангай аймгийнхныг төлөөлж хангайн бүст нэр дэвшиж магадгүй, МАН-ын хувьд байж болох кандидат.
Харин тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд амжилт гаргаж чадахгүй бол түүний улс төрийн карьерт ч эрсдэл үүснэ. Учир нь сонгуулийн дараа тэрээр нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа хүссэн ч, эс хүссэн ч дараагийн хүндээ өгнө. Тиймээс энэ удаагийн сонгууль бол Д.Сумъяабазарын хувьд шийдвэрлэх сонгууль.
Энэ удаагийн сонгуулиар СХД нэг тойрог, таван мандаттай. Одоогоор УИХ-ын гишүүн Э.Батшугар, П.Анужин, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дөлгөөн нар нэр дэвшихээр тохироогоо хийсэн гэсэн мэдээлэл бий. Харин Өвөрхангай аймгийг төлөөлж хангайн бүст УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар дэвшихээр яригдаж байгаа бөгөөд намаас нь нэмээд Д.Сумъяабазарыг нэр дэвш гэж шахаж байгаа бололтой.
Одоогоор нэр дэвшилт МАН-д ид яригдаж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдсэн тойргууд цөөнгүй байгаа аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн