Улс төр | 4 мин уншина

С.Нармандах: Холимог тогтолцоотой болсон ч МАН л олон суудал авна

С.Нармандах: Холимог тогтолцоотой болсон ч МАН л олон суудал авна
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 28
МУЭИС-ийн профессор С.Нармандахтай сонгуулийн тогтолцоо сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын ажлын хэсэг гарч, Н.Энхболд гишүүн ахалж буй юм байна. Хуулийн төслийг өргөн бариагүй байгаа ч УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг саналыг эрх баригчид хэлж буй. Та үүнд ямархуу байр суурьтай байна вэ?
-Нэгд, дэлхий нийтэд сонгуулийн шууд болон шууд бус гэсэн хоёр жишиг бий. Шууд гэдэг нь иргэн өөрийн төлөөллийг шууд сонгох. Шууд бус гэдэг нь иргэн нам, эвсэл, ямар нэг бүтцээр төлөөллүүлэн сонгохыг хэлнэ. 1992 оноос хойш Үндсэн хуульд заасны дагуу шууд сонгуулийг хийж ирсэн. Харин 2012 онд холимог тогтолцоо, шууд бус сонгуулийн асуудал яригдаж, тухайн онд сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульд шууд бус сонгуулийн зарчмыг тусгаж өгөөгүй байхад шууд бус сонгууль хийсэн гэсэн үг. Уг асуудлаар эрдэмтэн, судлаачид Цэцэд хандахад тодорхой хариулт өгөөгүй, Сонгуулийн тухай хуулиараа зохицуулаад явж болно гэсэн байр суурь илэрхийлсэн. Бид шууд болон шууд бус сонгуулийн зарчмаа сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн холимог тогтолцоог оруулъя гэж байгаа бол шууд бус сонгуулийн зарчмыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ингэж байж сонгуулийн тогтолцооны үндэс суурь, урьдач нөхцөл бүрдэх юм. Хэрэв Үндсэн хуульд шууд бус зарчмын талаар тусгахгүйгээр сонгуулийн холимог тогтолцоог оруулбал зөрчил болно.
Хоёрт, бид сонгуулийн мандат хуваарилах зарчим болон сонгуулийн зарчим хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Сонгуулийн зарчим шууд, шууд бус байдаг тухай өмнө нь тайлбарласан. Мандат хуваарилах зарчим гэдэг нь орон нутгийн төлөөллийг хэрхэн хангах вэ, хүн амын төлөөллийг хэрхэн хангах вэ, түүнийгээ ямар хэлбэрээр зохион байгуулах вэ гэсэн ойлголт. УИХ-ын гишүүдийг ямар зарчмаар сонгох вэ, тэднийг шууд сонгох уу, шууд бусаар сонгох уу гэдэг нь тэс өөр ойлголтууд. Үүнийг бид хольж, сольж, нийлүүлж ойлгоод байдаг талтай.
-Өөрөөр хэлбэл, иргэн сонголтоо хийхдээ шууд сонгож байна уу, шууд бус сонгож байна уу гэдэг нь нэг ойлголт. Харин мандат хуваарилах зарчим нь бас нэг өөр ойлголт гэж та хэлэх гээд байна уу?
-Бид асуудлаа онолын хувьд, эрх зүйн хувьд тодорхойлохгүйгээр танин мэдэхүйн түвшинд, өөрсдийнхөө хэрэгцээнд тулгуурлаад шийдээд байна. Энэ нь улам л хямрал дагуулна. Асуудлаа тодорхойлж, нэг ойлголттой болох хэрэгтэй. Хамгийн наад зах нь шууд бус сонгуулийн зарчмыг Үндсэн хуульдаа тодорхойлж өгөх хэрэгтэй.  Ингэж урьдач нөхцөлөө бүрдүүлээгүй байж түүнийгээ даваад холимог тогтолцоо гэх мэт яриад байна.
Мандат хуваарилах зарчим буюу мажоратори, пропроционалыг юу гэж ойлгож байна гэхээр мажораториор бол орон нутаг болгоноос 1-2 хүн, пропорционалаар 20 000 хүн тутамд хоёр мандат ч гэх юм уу.
-Ойлголтын зөрүү байгааг ойлголоо. Одоо бол сонгуулийн хуулийг өөрчилж, мажоратори, пропроционал системийн нэгдэл болсон холимог тогтолцоогоор мандатаа хуваарилдаг болно гэж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Уг нь бол бид сууриа сайн ойлгож, бэлдэх ёстой юм л доо. Гэхдээ одоогийн ойлголтоор одоогийн нөхцөл байдлаар хариулт өгье.
Одоо пропорционал гэж нэрлэн намын жагсаалт гэж гаргахаар болж байх шиг байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхийн үндсэн дээр гэсэн байгаа. Гишүүдийг гэж бичээгүй шүү. Бид сүүлийн үед нэг хүн нэг гишүүнийг бус 2-4 гишүүнийг сонгосоор ирсэн. Одоо бүр түүнээс ч олон хүн сонгох нь. Тэгээд бас шууд бус сонгуулийн зарчмыг ашиглах нь дээ. Энэ чинь л Үндсэн хуульд заасан сонгуулийн зарчмаа улам бүр алдагдуулаад байна гэсэн үг биз дээ.
Зарим улсын жишгээр бол тухайн намын үзэл баримтлал, бодлогыг тодорхойлох чадвартай, туршлагатай мэргэжилтэн, улстөрчийг намын жагсаалтаараа гаргаж ирдэг. Харин манайд мөнгөтэй нь, авлига хээл хахууль өгсөн нь гараад ирэх вий гэх айдас бий. Ойлголтын зөрүү их байгаа биз.
-Намын жагсаалтыг хаалттай эсвэл нээлттэйгээр гаргах сонголттой. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хаалттай гэдэг нь нам дотроо ярилцаж байгаад намын жагсаалтаар энэ хүмүүсийг оруулна гэдгээ шийдэх нь бололтой. Тэр нь ил биш, хүмүүсийг хэрхэн сонгосон нь тодорхой бус байх талтай. Энэ нь сонгогчдын дунд хардлага үүсгэдэг. Харин намын жагсаалтыг нээлттэй гаргана гэдэг нь иргэн саналаа өгөхдөө намыг ч, тухайн намаас дэвшиж буй хүмүүсийг ч сонгоно. Намын жагсаалтыг хаалттай гаргахаас арай л дээр. Намын жагсаалтаар хэн гарахад тодорхой хэмжээнд нөлөөлж болох ч сайн гэх хүнийг сонгох боломж хомс гэж харж байна.
-Холимог тогтолцоо нь олон намын төлөөллийг парламентад суудалтай болгоход хэрэгтэй гэж улстөрчид тайлбарлаж байна. Та санал нэгдэх үү?
-Харин л дээ. Холимог зарчмаар мандатаа хуваарилбал суудал авна гээд намууд нэгдэж гарын үсгээ зураад байна. Шинэ намуудад бодлого, хүний нөөц, дутагдаж, олон түмэнд танигдах боломж олддоггүй. Манай ард түмэн таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж боддог улс. Хэн ч байсан таньдаг хүнээ л сонгоод байдаг талтай. Ийм нөхцөлд олон намын төлөөлөл УИХ-д сонгогдоно гэж бодохгүй байна. Эрх баригч нам авдаг саналаа авдгаараа л авах байх. Зарим улс оронд шинэ нам, шинэ бодлого яриад ороод ирэхэд сонгогчид нь дэмждэг тал бий. Манайд бол нөхцөл байдал арай өөр л гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай залуу үеийн судлаач, эрдэмтэд дэлхий нийтийн жишигт улс, орныхоо онцлогийг тусган нухацтай авч үзэх цаг нь болжээ гэдгийг ойлгож байгаа гэдэгт  итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн