Сонгууль-2024 | 4 мин уншина

П.Дэлгэрнаран: Саналын хуудас мажоритар болон пропорциональ гэсэн хоёр хэсэгтэй байна

П.Дэлгэрнаран: Саналын хуудас мажоритар болон пропорциональ гэсэн хоёр хэсэгтэй байна
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 2
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарантай ярилцлаа.
-СЕХ сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ. Гурван нам бүртгэхээс татгалзсан. Яагаад татгалзсан юм бэ?
-СЕХ хуралдаж сонгуульд оролцоо илэрхийлсэн нийт 26 нам, хоёр эвслийн хүсэлтийг хэлэлцээд гурван намын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Учир нь эдгээр нам зардлын тайлангаа тайлагнасан зөрчилтэй байсан учраас бүртгэхээс татгалзсан. Өнөөдөр батламжийг нь гардуулна.
-Сонгуульд оролцох нам, эвслийн тоо тодорхой болсон учраас саналын хуудасны хэмжээ ойролцоогоор гарах уу?
-Саналын хуудсыг хуульд зааснаар л хийнэ. Энэ долоо хоногийн баасан гаригт саналын хуудасны загварыг батлахаар ажиллаж байна. Сонгуульд оролцох намуудын тоо тодорхой болсноор саналын хуудас хэдий хэмжээтэй болох вэ гэдэг ерөнхий баримжаа бий болж байгаа. Гэхдээ нэр дэвшигчид тодорсны дараа буюу тавдугаар сарын 20-иос хойш саналын хуудасны хэмээ тодорхой болно. Загварыг баталж болохоор байна. Саналын хуудасны загвараа батлаад загварыг сонгогчдод яаралтай танилцуулах шаардлагатай байна.
Намуудаас 48 хүнийг жагсаалтад бичнэ. Энэ хүмүүсийн нэрийг хэрхэн жагсаах вэ. Олон нэр дэвшигчтэй байгаа учраас олон хуудас болох уу?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас хоёр хэсэгтэй байна гэж заасан. Хосолсон системээр сонгууль явж байгаа учраас мажоритар болон пропорциональ тал гэсэн хоёр хэсэгтэй байна. Бидний ярьж байгаагаар саналын хуудас хоёр хэсэгтэй байна. Нэг нь мажоритар буюу тойргоос нэр дэвшигчид, нөгөө нь пропорциональ буюу намуудын жагсаалт байна. Саналын хуудас дээр гурван дараалал үйлчилнэ. Нэгд, намуудыг бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бүртгэлийн дарааллаар бичнэ. Хоёрт, намаас мажоритар тойрогт нэр дэвшигчдийг намын өөрийнх нь эрэмбэлсэн дарааллаар саналын хуудас дээр байрлуулна. Гуравт, бие даагчдыг сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллаар байрлуулна. Бусад намуудаас өгч байгаа шаардлагыг хороогоороо ярилцаж байж хариу өгнө. Намууд саналын хуудас дээр намын даргын зураг, намын логог байрлуулъя, намын даргын нэрийг бичье гэсэн санал гаргаж байгаа. Гэхдээ бид хуулийн дагуу л хийхгүй бол үүнээс гарах үр дагавар эрсдэлтэй. Тиймээс хуульд заагаагүй зүйлийг хийхэд төвөгтэй.
-Намын даргын нэр зургийг саналын хуудас дээр бичих юм уу?
-Намуудыг голдуу лого, намын даргынх нь нэрээр таньдаг учраас саналын хуудас дээр бичих нь зөв гэсэн санал зарим намаас гаргасан. Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаа биччихээр тодорхой бус байгаа учраас намын лого, даргын нэрийг байрлуулбал илүү тодорхой болно гэж үзээд шаардлага тавьж байгаа юм билээ. Гэхдээ бид хуульд ийм боломж байна уу гэдэг талаас харж ярилцъя гэж байгаа.
-Намуудын мөрийн хөтөлбөр хэзээ олон нийтэд ил болох вэ?
-Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд намууд мөрийн хөтөлбөрөө ил болгоно. Намуудын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газар аудит хийлгээд манайд ирчихсэн байгаа. Мөрийн хөтөлбөрүүд намуудыг сонгуульд бүртгэх баримт бичгийн нэг бүрдэл болсон. Сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-иор дуусна.
-Сонгуулийн хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл ирвэл хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
-Сонгуулийн хуль зөрчсөн талаар гомдол манайд ирж байна. Мөн царцааны нүүдэл эхэлж байна, цахим царцаа гэж ярьж байна. Үүнтэй холбоотойгоор бид энэ асуудлыг хариуцаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллана. Хэрэг маргаан, зөрчилтэй холбоотой асуудлыг хариуцсан байгууллага нь шалгана. Манайд ирүүлбэл бид харьяалсан байгууллагад шилжүүлнэ.
-Санал өгөх хугацаа уртассан. Оочир дараалал үүсгэхгүйн тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өөрсдөдөө байгаа бүхий л боломжоор иргэдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх менежментийг хийнэ. Сурталчилгааны ажлыг ч хийж байна. Санал тоолох төхөөрөмж болоод техник хангамжийн тухайд бүх иргэдийнхээ саналыг авах бүрэн боломжтой. Цаг хугацааны хувьд ч боломжтой. Саналын хуудас уртассантай холбоотойгоор санал өгөх хугацаа нэмэгдэж байгаа ч мэдэгдэхүйц хэмжээнд айхтар их болохгүй. Гол нь хугацаа уртасгаж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээг авна. Тодруулбал, нэг газарт хоёр төхөөрөмж байрлуулах, бүхээгийн тоог 5-6 дахин нэмэгдүүлнэ. Мөн олон хүн зэрэг орж болох том заал танхимыг бэлдэнэ.
-Сонгуулийн үеэр Мета компани Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажиллана гэсэн. Тэгэхээр Мета компани сошиал дээр гарах мэдээлэлд хяналт тавина гэж ойлгогдож байна?
-Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотойгоор Мета компанитай бид сая уулзсан. Намууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудтай уулзуулж сургалт хийлгүүлсэн. Тэгэхээр хамтран ажиллах чиглэлээр ярилцаж байна. Ер нь сонгуулийн шударга байдлыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллая, энэ чиглэлийн хэрэг маргаан, зөрчлийг гаргахгүй байх тэдгээрийн нөлөөллийг бууруулах ямар арга зам байна гэдэг асуудлаар ярилцсан. Сонгуулийн үеэр баг ажиллуулж өгөөч гэх хүсэлтийг Мета компанид тавьсан ч боломжгүй гэх хариуг өгсөн. Тэгэхээр нь манайхаас тус компанийн төвд өөрийнхөө мэргэжлийн хүмүүсийг ажиллуулмаар байна гэх саналыг тавьсан. Ойрын үед манай улсаас Кибер аюулгүй байдалтай тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс төлөөллүүд Мета компанийн төвд ажиллах гэж байна.
-Гадаадад байгаа хэдэн иргэн саналаа өгөх вэ?
-Гадаадад байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-нд авна. Гадаад харилцааны яаманд төв комисс байгуулсан. Удахгүй дипломат төлөөлөгчийн газруудад салбар комисс байгуулна. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад 560 орчим сая төгрөг төсөвлөсөн.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн