Улс төр | 2 мин уншина

Ж.Сүхбаатар: Нүүрсний хэргээ дарах гэж л "ногоон автобус"-ыг гаргаж ирсэн

Ж.Сүхбаатар: Нүүрсний хэргээ дарах гэж л "ногоон автобус"-ыг гаргаж ирсэн
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 1
"Ногоон автобус"-ны худалдан авалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах сонсгол хийнэ. Тэгвэл тус асуудлаар яллагдагчаар татагдаад байгаа түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын хянан шалгах сонсголыг ногоон автобусны худалдан авалтаар хийх гэж байна. Ер нь энэ асуудлаар хянан шалгах сонсгол хийх нь зөв үү?
-УИХ-ын хянан шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж энэ хуулийг батлуулсан. Үүний үр дүнд нүүрс, Хөгжлийн банк гээд олон сонсгол боллоо. Санаачилга гаргах субъект нь УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг байдаг. Ер нь шүүх дээр явж байгаа хэргээр хянан шалгах сонсгол хийх нь буруу.
Ногоон автобусны худалдан авалт 400 тэрбум төгрөгийн хохиролтой гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Гадуур явж байгаа хар автобуснууд миний гаргасан бодлогын хүрээнд худалдан авалт хийгдсэн. Мөн Дарханы 20 цахилгаан автобус.
Гэтэл зөвхөн энэ удаагийн автобусны худалдан авалтаар хянан шалгах сонсгол хийнэ гэж байна. Монгол Улс өмнө нь автобус худалдан авч байгаагүй юм уу. Энэ бол учир дутагдалтай. Дараагийн парламент нь үүнээс өмнөх худалдан авалтын асуудлыг хэлэлцэх юм уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын автобусны худалдан авалтыг нийтээр нь ярих ёстой.
-Танд одоогоор түр хорооноос гэрчээр дуудах мэдэгдэл ирүүлсэн үү?
-Би гэрчээр дуудагдах байх. Түр хороо хуралдаад сонсголынхоо товыг зарлана. Удахгүй хуралдана гэсэн. Би бэлэн байгаа. Автобусны мөнгө алга болчихоогүй. Орсон газартай.  
-Гол нь таныг эрх мэдлээ урвуулан ашигласан юм биш үү?
-Бүх л сайд нар ерөнхийлөн захирагч. Тэд эрхээ шилжүүлдэг. Тэр бүхэнд зөрчил гаргаж байгаа шүү дээ. Надад идсэн, уусан, урвуулан ашигласан зүйл байхгүй. Хүн өөрийгөө хамгаалаад тайлбарлаад яваад байхаар улс төрийн хэрүүл болгоод байгаа учраас би чимээгүй байгаа.
-Та энэ асуудлаас болоод улс төрийн карьераа байхгүй болгочихлоо?
-Яах вэ, энэ хувь тавилан. Улстөрч хүн сайдаар ажиллачихлаа. Гэхдээ та хэд гудамжинд гараад хараарай. Нийтийн тээврийн салбар шинэчлэгдэж байна уу. Надаас өмнө энэ салбарын асуудлыг гаргаж ирсэн үү. Шинэ хотын дарга гарч ирээд миний дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлээд явж байна.
-Тэгээд таныг яагаад буруутай гээд яллагдагчаар татсан юм бэ?
-Гэрээнд заасан техникийн үзүүлэлт нь хүрэхгүй байгаа 20 автобусыг хүлээж авсаныг намайг мэдэж байсан гэж үзээд байгаа юм. Би үүнийг мэдэж байсан байх ямар ч боломжгүй. Сайд нь гэрээнд зааснаас дутуу үзүүлэлттэйг мэдсээр байж хүлээж ав гэсэн үүрэг даалгавар өгсөн гэж байгаа. Гэтэл нотлох баримт байхгүй. Би үүн дээр маш тайван итгэлтэй байгаа.
Би хуульч хүн учраас бүх үйлдлээ, баримтуудаа сайн мэдэж байгаа. Юуг яаж буруутгах вэ гэдгийг нь мэднэ. Энэ асуудлыг над руу чиглүүлээд байгаа нь нүүрснийхээ хэргийг л дарах гэж байгаа шүү дээ. Өөр би юу хэлэх юм бэ?
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн