Нийгэм | 2 мин уншина

Импортын гурилд хязгаар тогтоохгүй

Импортын гурилд хязгаар тогтоохгүй
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 30
Гурилын импортын гаалийн татварыг тэглэх шийдвэр маргаашаас буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд энэ асуудлатай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Мөн дотоодын тариалан эрхлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний талаар танилцуулав.  
Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газар УИХ-аас Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тогтвортой нийлүүлэлт, үнэ өртгийн тогтвортой байдалтай холбоотой тогтоолууд гаргасан. Энэ хууль тогтоомжийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авахаар тогтсон. Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилээр орж ирэх хүнсний хэрэглээний буудай, малын тэжээлийн импортын татварыг тэглэж байгаатай холбогдуулан ямар нэгэн хэмжээ, хязгаар, квот тогтоохгүй байх тухай шийдвэрийг гаргалаа. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа стратегийн бараа бүтээгдэхүүн буюу хүнсний гурил, малын тэжээл ямар нэгэн хугацаагүйгээр өнөөдрөөс эхлээд импортын татваргүй болж байна.
Мөн дотоодод хэрэгцээтэй байгаа улаан буудайг нийлүүлээд илүү гарсан улаан буудайг гадаадын зах зээл рүү экспортлох эрхийг нээж өгөх, боломж бүрдүүлэх талаар тогтоолд тусгасан байгаа. Ингэснээр тарифын ямар нэгэн хүндрэлгүэгэр бусад улс руу гаргахад холбогдох байгууллагууд хамтарч ажиллана. Түүнчлэн дотоодын тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүрийн улаан буудайн 100 хүртэлх мянган тонныг улсын нөөцөд авах, энэ ажиллагааг харилцан үр ашигтай зохион байгуулах үүргийг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Түүнчлэн тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд тариалан эрхлэгчдийн сангийн харьяанд байдаг элеваторуудыг ААН-үүдэд ашиглуулах зарим зохицуулалтыг хийнэ" гэлээ. 
Гурилын гаалийн албан татварыг чөлөөлснөөс гурилын үнэ 40 гаруй хувиар буурна гэж үзэж байгаа аж. Манай улс голдуу ОХУ-аас гурил импортлодог бөгөөд энэ он гарснаас хойш 6000 тонн гурилыг оруулж ирээд байгаа аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн