Улс төр | 6 мин уншина

Цуврал 2: Төрөөс хумсалж, таны боломжийг хулгайлсан сонгож болохгүй улстөрчид

Цуврал 2: Төрөөс хумсалж, таны боломжийг хулгайлсан сонгож болохгүй улстөрчид
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 29
Боловсролын зээлийн санг чадвар, мэдлэг, хичээл зүтгэлтэй хэрнээ гадаадад сурах боломжгүй залуусыг дэмжихээр байгуулсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд манай улстөрчид, мэдээлэлд ойр хүмүүс таны, миний, бидний боломжийг хулгайлсаар ирж. Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтэд ил болоход сангийн зээл хоёрхон хувийн эргэн төлөлттэй байсан. Зээл авсан хүмүүсийн 98 хувь нь зээлээ буцаан төлөөгүйгээс гадна зарим хүмүүс Боловсролын сайдын тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Д.Лүнджээжанцан, Т.Бадамжунай, Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Баяртсайхан гээд төрийн өндөр албан тушаалтан, улстөрчдийн цуваа хөвөрнө.  
Тэгвэл эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж Боловсролын зээлийн сангаар хамаарал бүхий хүмүүсээ сургаж, таны, бидний боломжийг хулгайлсан, сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа, сонгож болохгүй улстөрч цувралыг үргэлжлүүлж байна.
undefined
Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баделханы охин БЗС-аар сурсан
БЗС-гийн зээлээс ч хоцроогүй юм байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна гадаадад магистр, докторт суралцахаар БЗС-гаас 16 мянган ам.долларын зээл авчээ. Уг зээлээр Б.Арна нь Америкийн Де Врайсийн их сургуульд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр хоёр жил сурсан аж. Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн энэ удаагийн сонгуульд ч нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгөөд буй.
undefined
Сангийн сайд асан С.Баярцогтын төрсөн гурван дүү БЗС-аар сурсан
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын төрсөн дүү БЗС-аар гадаадад сурчээ. Тодруулбал, С.Баярцогтын дүү Сангажавын Баярбат, Баярмаа, Баярхишиг нар Боловсролын зээлийн сангаас АНУ-д суралцахдаа тус бүр 32 мянган ам.доллараар суралцсан байна. С.Баярбатын хувьд АНУ-ын Брижлортын их сургуульд бизнесийн удирдлагаар суралцсан бол С.Баярмаа нь Колорадогийн ИС клиник фармакологи чиглэлээр, С.Баярхишиг АНУ-ын Брижпортын Их сургуульд суралцахдаа 32,5 мянган ам.долларын зээлээр сурсан нь олон нийтэд ил болсон. Тэгвэл Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт энэ удаад төвийн бүст нэр дэвшихээр горилж байгаа. Гурвын гурван дүү нь Боловсролын зээлийн сангаар сурахад улстөрч ахын нөлөө байгаагүй гэж хэлэхэд итгэх хүн байхгүй биз ээ. 24 настайгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, улстөрд явсан С.Баярцогтод одоо л сонгогчид нь хариуцлага тооцох цаг иржээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд АН-аас төвийн бүст нэр дэвшихээр горилж байгаа юм.
undefined
Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэболд БЗС-аар сурсан
Шинэ залуу улстөрч С.Эрдэнэболд улстөрд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн. Тэрээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ЕТГ-т ажиллаж байсан бөгөөд тухайн үед АНУ-д суралцахаар явж байсан билээ. Тэгвэл тэрээр АНУ-ын Индианагийн их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан байна. С.Эрдэнэболд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр горилж буй.
undefined
УИХ-ын гишүүнн асан Д.Батцогтын хоёр охин Англид зээлээр сурсан
Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтын баз хүргэн, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт хоёрын хоёр охиноо БЗС-аар Английн Лондон хотод сургажээ. Тодруулбал, Д.Батцогтын охин Анударь, Номундарь нар Английн Кингс коллежид Эдийн засгийн мэргэжлээр суралцахаар тус бүр 68,875 ам.долларын зээл авсан. Төгсөж ирээд, Б.Анударь нь Монголбанканд Эдийн засагчаар ажилд орсон бол Б.Номундарь нь “Мобиком корпораци”-ийн толгой компани болох “Ньюком групп” ХХК-д Хөрөнгө оруулалтын ахлах шинжээчээр ажилд оржээ. УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын хувьд, хуучнаар Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан тушаал хашиж байсан. Улмаар 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан нэгэн. Д.Батцогт одоо ч улс төрийн карьераа орхиогүй бөгөөд 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвшихээр горилж буй. Жирийн иргэдийн боломжийг хулгайлж, хоёрын хоёр хүүхдээ зээлд хамруулан гадаад сургасан Д.Батцогтыг дахин сонгохгүй байх хэрэгтэй.
undefined
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү Торонтогийн Их сургуульд сурсан
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү Биндэрьяа Канадын Торонтогийн Их сургуульд физикч мэргэжлээр суралцахаар БЗС-аас 101,967 ам.долларын зээл авсан. Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяа Торонтогийн их сургуулийг төгсөж ирээд, 2021 оны зургадугаар сард “ИКВ сөрвэй” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, зээлээр сурч ирээд гэрээнд заасан үүргээ биелүүлж, төрийн байгууллагат ажиллаагүй гэсэн үг.
Тэгвэл эрхэм гишүүн Ш.Адьшаа энэ удаагийн сонгуульд баруун бүст нэр дэвшихээр горилж байгаа билээ.
undefined
АН-ын дарга Л.Гантөмөрийн охин БЗС-аар сурахаас гадна, амьжиргааны зардлаа ч авсан
Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Л.Гантөмөрийн охин БЗГ-аас 300 гаруй сая төгрөгийн зээлээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн. Түүний охин Г.Хулан АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байжээ. Эдгээр суралцагчдын нэрс дунд Г.Хулан багтсан бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр  дөрвөн удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгосон хэмээн дурджээ. Л.Гантөмөр тухайн үед БСШУ-ны сайд байв.
Энэ хийсэн үйлдэлдлээ л ёс зүйн хариуцлага хүлээж улстөрөөс зодог тайлах ёстой атал бүхэл бүтэн намын дарга болчихоод дахин УИХ-ын гишүүн болохоор зүтгэж байна. Тэрээр энэ удаагийн сонгуульд жагсалтад орох бөгөөд УИХ-ын гишүүн болох нь бараг л тодорхой. Дахин эрх мэдэлд очоод та бидний ямар боломжийг хулгайлахыг мэдэхгүй.
undefined
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн охин БЗС-аар сурсан
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн охин Аминаа Австрали улсын "Нью Саут Вельс"-ийн их сургуульд хүний их эмчээр дөрвөн жил суралцаж байгаа аж. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 119 мянган ам.долларын зээл авсан байна.
Тэрээр улстөрд шинэ хүн бөгөөд салбарын хүн сайдаар томилогдсон хэмээн сайшаагдаж байсан цаг саяхан. Тэгвэл хэвлэлийн нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй эрхэм сайд ч мөн охиноо БЗС-аар сургажээ.
undefined
Гишүүн болох мөрөөдөлтэй Байгаль орчины сайд Б.Бат-Эрдэнийн дүү БЗС-аар сурсан
Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн болохоор горилж байсан ч 2020 онд мандат олдолгүй нэр дэвшиж чадаагүй. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ч нэр дэвшихээр сонгуулийн ажилдаа хэдийнэ ороод байгаа эрхэм сайдын төрсөн дүү БЗГ-аар гадаадад сурсан. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байна.
Тэгвэл Б.Бат-Эрдэнэ сайд дүүгээ БЗС-аар гадаадад сурсан гэдгийг мэдээгүй хэмээн тайлбар хийжээ. Харин дүү нь зээлээ төлөөгүй бөгөөд 2019 оны Боловсролын сайдын тушаалаар зээл нь тэглэгдсэн байна.
undefined
Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын хүү БЗС-аар сурсан
2000 оноос хойш улстөрд явсан, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хүү Жаргалсайханы Төрболд БШУЯ-нд ажиллаж байхдаа буюу 2010 онд БЗС-ийн зээлд хамрагдан АНУ-д олон улсын харилцаагаар сурсан байдаг. Түүгээрч барахгүй Ж.Төрболд зээлээ төлөөгүй, одоогийн сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар зээлээс чөлөөлөгдсөн байгаа юм.
Д.Оюунхорол 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй, Ерөнхий сайд Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оны наймдугаар сард Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Ингээд сонгуульд нэр дэвшихээр горилж өнгөрсөн онд ажлаа өгсөн юм. Энэ удаагийн сонгуульд тэрээр МАН-ын жагсаалтад орно гэсэн мэдээлэл байгаа билээ. 2000 оноос хойш улстөрд явсан, өөрийн гэсэн бизнестэй Д.Оюунхорол юу дутлаа гэж хүүхдээ улсын мөнгөөр гадаадад сургасан бэ. Зээл авч сурчихаад мөн л зээлээ төлөөгүй, тушаалаар чөлөөлөгдсөн байгаа юм.
Улстөрд байх нь ийм ашигтай байдаг учраас л манай улстөрчид төр рүү орох гэж зүтгэдэг байх нь. Өөрсдөө боломжтой хэрнэ бусдын боломжийг хулгайлсан ёс зүйгүй эдгээр эрхэмд хариуцлага тооцох боломж одоо л бидэнд байна.
Өмнө нь танилцуулсан БЗС-аар өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээ суралцуулсан Сонгож болохгүй улстөрид нийтлэлийг энд дарж үзнэ үү
 
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн