Дэлхий | 2 мин уншина

Трафигура: Шинэ технологи эрчим хүчний хэрэглээг бий болгосноор зэсийн эрэлт өснө

Трафигура: Шинэ технологи эрчим хүчний хэрэглээг бий болгосноор зэсийн эрэлт өснө
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 25
Цахилгаан тээврийн хэрэгсэл, эрчим хүчний дэд бүтэц, хиймэл оюун ухаан, автоматжуулалтын салбар дахь үйл ажиллагаа цэцэглэн хөгжиж байгаа нь ойрын арван жилд дор хаяж 10 сая тонн зэсийн нэмэлт хэрэглээг бий болгоно гэж түүхий эдийн худалдаачин Трафигура онцолжээ.
Хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэрэг технологийн хөгжил, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчийг багтаасан эрчим хүчний шилжилт нь цахилгаан дамжуулахад ашигладаг зэс кабелийн эрэлтийн хэтийн төлөвийг нэмэгдүүлээд байна. Швейцарьт төвтэй “Trafigura” компанийн металлын шинжилгээний албаны дарга Грэм Трэйн хэлэхдээ, 10 сая тонн эрэлтийн гуравны нэг нь цахилгаан автомашины салбараас үүдэлтэй гэв. Лондоны металлын бирж (LME) дээр зэс тонн нь 10 мянган ам.доллар дөхөж, хоёр жилийн дээд цэгтээ хүрэв.
Зэсийн салбарын эх сурвалжуудын үзэж байгаагаар үнийн өсөлтийн нэг шалтгаан нь LME-д бүртгэлтэй агуулахууд дахь нөөцийн хэмжээ буурч, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 121,200 тонн буюу 35 гаруй хувиар буурсан байна.  Өнгөрсөн жил Панам дахь “First Quantum”-ын Кобре уурхайг хаасан зэрэг тасалдлаас үүдэн олборлосон зэс буюу баяжмалын нийлүүлэлт бага байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн байна. “Anglo American”  энэ онд зэсийн зах зээлд 26 сая тонн  хомсдол бий болно  гэж үзэж байна. Хөгжиж буй орнуудад, ялангуяа нэг хүнд ногдох хэрэглээ ердөө хагас кг байдаг бол  Хятад болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох зэсийн хэрэглээ 10 кгаас долоон кг-ийн хооронд байна.
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн