Улс төр | 3 мин уншина

Эмэгтэйчүүдийн сонгогдох магадлалыг бууруулах бүсчилсэн тойрог

Эмэгтэйчүүдийн сонгогдох магадлалыг бууруулах бүсчилсэн тойрог
Нийтэлсэн 2024 оны 5 сарын 3
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх олон зүйл заалтыг Сонгуулийн хуульд оруулсан. Тодруулбал, нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж хуульд заасан. Тэгэхээр нэг намаас нэр дэвших 126 хүний 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн үг.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсаар ирсэн. Улс төр мөнгөтэй, эрх мэдэлтэй эрчүүдийн талбар байсаар ирсэн гэж хэлж болно. Өнгөрсөн найман удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентад хамгийн ихдээ 13 эмэгтэй гишүүн сонгогдож байжээ. Зарим сонгуульд гуравхан эмэгтэй гишүүн сонгогдсон тохиолдол ч бий. Үүнээс харахад, эмэгтэйчүүд улстөрд ороход намын болоод нийгмийн дэмжлэг муу байгаа нь харагдаж байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн Их хурлын сонгуулиар эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд байхаар хуульд заасан. Ингэснээр нам, эвслүүд тойрог бүхэнд 1-2 эмэгтэй нэр дэвшигчтэй байна. Харамсалтай нь сонгуулийн тойргоо томсгосон учраас тойрогт нэр дэвшсэн эмэгтэйчүүд сонгогдох магадлал бага болсон. Учир нь том тойрогт танигдсан, мөнгөтэй хүмүүс сонгогддог учраас эмэгтэйчүүд тэдгээр нэр дэвшигчдийг ялж, сонгогдох магадлал бага юм. Бүсчилсэн тойрогт нэр дэвшигчид 3-4 аймагт сурталчилгаа хийж, сонгогчидтой уулзана. Тиймээс энэ хэрээр нэг нэр дэвшигчээс гарах зардал асар их нэмэгдсэн. Энэ нь ч эмэгтэй нэр дэшигчдийн сонгогдох магадлалыг бууруулж буй.
Энэ талаар Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалай "Бүсчилсэн том тойрогт нэр дэвших залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогдох боломж буурна. Бид маш олон жил жендэрийн квотын талаар ярьсан. Гэтэл арай гэж аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувь гэсэн дэвшилттэй заалтынхаа эсрэгээр болох ч магадлалтай. Яагаад гэвэл, эмэгтэйчүүд, залуучуудад тулгардаг хамгийн том бэрхшээл бол сонгуулийн сурталчилгаа, кампанит ажилд зарцуулах санхүүгийн асуудал. Тэдний урд маш том босгыг энэ бүсчилсэн тойрог тавьчихаж байгаа юм.
Өөр нэг том сул тал бий. Сонгуулийн зардал шууд нэмэгдэнэ. Жишээлбэл, Хоёрдугаар тойрогт нэр дэвшлээ гэж бодоход Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад сонгуулийн кампанит ажил, сурталчилгаагаа явуулах болно. Ийм том газар нутагт сурталчилгаа явуулахад өндөр зардал гарах нь шууд харагдаж байгаа юм. Бензин, шатахуунаас эхлээд тэнд хэдэн ухуулагч ажиллуулах вэ гээд асуудал их бий. Жишээ нь, Сонгуулийн тухай хуульд нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байхаар тусгасан. Ухуулагчийн урамшуулалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас илүүгүй байхаар заасан байдаг. Зөвхөн ухуулагчид өгөх мөнгө л их мөнгө болж байгаа биз. Үүнээс харахад энэ удаагийн сонгуулиар маш их зардал гарна" гэсэн юм.
Тэгвэл эрх баригч нам нэг талдаа ултөрд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмсэн мэт боловч тойргоо томсгосноор эмэгтэйчүүд нэр дэвшээд ч сонгогдох магадлал бага болгов. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байх нь улс орны нийгэм, гэр бүл, эрүүл мэнд рүү чиглэсэн бодлого алдагддаг гэсэн судалгаа ч бий. Монгол Улсын нийт сонгогчдын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд тэд сонгуульд идэвхтэй оролцдог. Гэвч УИХ дахь тэдний төлөөлөл нь ердөө 17.3 хувь буюу дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байна. Уг үзүүлэлтээр 2020 онд Монгол улс дэлхийн 189 улсаас 122-д бичигдэж Хойд Солонгос, Тажикстан, Саудын Араб зэрэг ардчилсан бус улсуудаас ч доогуур байр эзэлжээ. Үүнээс гадна манай улсын түүхэнд нэг ч эмэгтэй хүн нийслэлийн засаг дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байгааг баталдаг. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар ч улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмж чадахгүй бололтой.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн